Эрт цагт нэгэн алдарт барималчин амьдарч байжээ. Тэр хүмүүсийн баримлыг хийхдээ өөрөө ч ялгаж чадахааргүй тийм адил хийдэг байж гэнэ.

Нэг өдөр мэргэн зурхайч түүн дээр ирээд үхэл ойртож ирснийг дуулгахад мэдээж хэрэг тэрээр бусдын нэгэн адил үхлээс ихэд айж, зугатах арга сүвэгчлэн хайж л дээ.

Ингээд өөртэйгээ ив ижилхэн арван нэгэн баримал хийж тавиад, эрлэгийн элч хаалга тогшмогц тэдгээр баримлуудын дунд орж зогсоод амьсгаагаа түгжиж гэнэ.

Үүнийг харсан эрлэгийн элч нүдэндээ ч үл итгэн гайхаж гэнэ. Бурхан хүнийг бүтээхдээ хэзээ ч хоёр ижил хүнийг бүтээдэггүй гэдгийг хүн бүхэн мэддэг.

Бурхан хэзээ ч хуулбар хийдэггүй бөгөөд жинхэнэ эх дүрийг ганцхан хувь бүтээдэг. Гэтэл юу болох нь энэ вэ? Арван хоёр ав адилхан хүмүүс байдаг. Тэр зөвхөн нэг л хүнийг аваачихаар энд ирсэн шүү дээ…

Эрлэгийн элч ялгаж чадаагүй тул яаран сандран буцлаа. Буцаж ирээд бурхнаас “Та чинь юу хийчхээ вэ? Тэнд чинь ав адилхан арван хоёр хүн байж байдаг, гэтэл би зөвхөн нэгийг нь л авч ирэх ёстой байсан шүү дээ. Би яаж ялгаж таних ёстой юм бэ?” гэж асуужээ.

Бурхан инээгээд эрлэгийн элчийг гараараа дохин өөртөө ойртуулаад тэдгээрийн дотроос жинхэнэ хүнийг яаж олох түлхүүрийн үгийг чихэнд нь хэлж өгөөд “За чи одоо явж барималчны нуугдаж байгаа өрөөнд ороод энэ үгийг хэл гэжээ.

Эрлэгийн элч тээнэгэлзэнгүйгээр “Энэ бүтэх болов уу” гэж асуув. Бурхан хариуд нь “Санаа зоволтгүй ээ, очоод оролдоод үз” гэжээ.

Ингээд эрлэгийн элч барималчны нуугдсан өрөөнд орж ирмэгцээ бурхны зааж өгсөн ёсоор хэн нэгэнтэй харьцаж байгаа юм шиг “Ноёнтоон, нэгээс бусдынх нь бүх зүйл төгс төгөлдөр болжээ. Та маш сайн ажиллажээ. Гэхдээ нэг зүйлийг анзаараагүй байна. Энэ чинь таны алдаа болж” гэлээ.

Барималчин нуугдаж байснаа ор тас мартаж түүний өмнө үсрэн гарч ирээд, “Алдаа гэнэ үү?” гэж асуужээ. Эрлэгийн элч инээгээд “Чи надад баригдлаа. Өөрийгөө нуугдаж байгаагаа мартсан чинь л чиний цорын ганц алдаа байлаа” гэжээ.

#

No responses yet

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *